(+976)-70118520, (+976)-99066718

Монгол ёс зан заншил

Монгол зан заншил нь үнэдстэн ястан бүрийн онцлогийн нийлбэр төдийгүй дараа дараачийнхаа залгамж үеэ эрдэм номтой, элэг зөөлөн, энэрэнгүй сэтгэл, эрэлхэг зоригтой болгож, унасан газар, угаасан ус гэх сэтгэлийн эх оронч үзлийг буй болгодог нэг ёсны сургууль болж тогтсон юм.Зан заншлын ёс бүхнийг хэрхэн гүйцэтгэхэд зохиолч Ч.Адъяасүрэн, Х.Нямбуу нарын монгол зан заншлын их, бага толь эрхэм үүрэг гүйцэтгэсээр байгааг бид мэднэ.Ийм учраас монгол түмний өнөөгийн мөрдөж байгаа зан заншлыг жагсаах байдлаар гаргалаа.Аливаа түмний зан заншил нь дотоодын төдийгүй гадаад хүчин зүйлийн нөлөөллөөр өөрчлөгдөн баяжигдаж байдаг түүхэн үзэгдэл юм. Аливаа ёс дэлхий ертөнц даяаршлагдаж нэгэн хэл, техник технологи, үр дүн үйл явцын хүрээнд улс түмний зан заншил, гадаад хүчин зүйл, бусдын нөлөөлөл үлэмж их болсон цаашид улам их өсч дэлхийн цаг уур, тэнгэр эцгийн сүр хүчинд зохицон амьдрахын тулд бүх зан, зорилго нэгтэй болох хандлага ажиллагдах болсон. Монгол зан заншлын язгуур шинжийг тодорхойлж буй гол үндэс нь шударга зан чанар, нинжин сэтгэл, нигүүлсэнгүй үзэл дээр суурилсан гэж болно. Эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэсний дараа “хүү нь эцгээ хүндлэхээ, эр нөхөр нь эхнэртээ итгэхээ, эхнэр нь эр нөхрийнхөө үгийг авахаа, багачууд нь ахмадуудыгаа хүлээн зөвшөөрөхөө, баян нь ядуугаа тэтгэхээ, доорд хүмүүс нь дээдчүүдээ хүндэтгэл үзүүлэхээ больсноос гарсан үйл яах аргагүй эмх замбараагүй байдалд идэгдэж, эцэс төгсгөлгүй дур зоргоороо аашлах явдал их болсон байна. Бид үүнийг эцэс болгож, хууль ёс дэг журмыг тогтоосон болой” гэсэн нь бий.Монголчуудын далай тэнгэр мэт ариун баялаг агуулгатай ёс заншлыг танин мэдэхүйн үүднээс дараах хэсэгт хувааж болно.
1. Өрх, гэр бүл, хүмүүсийн хоорондын харьцааны ёс заншил, монголчууд удам судраа сайн мэдэж байхыг эрхэмлэн угийн түүхээ мэддэг, түүнийгээ гэрийн үеийн бичил, гэрийн түүх, цадиг гэх мэтээр нэрлэж ирсэн угийн бичиг бол “Монголын нууц товчоо” гэж болно. Ихэвчлэн цээжээр мэддэг, ярьдаг байсан энэхүү гэр бүлийн зан заншил гал голомтоо эрхэмлэн, өрх гэрээ тусгаарлах “хурим” найр хийх, бурханы хутаг ологчдыг нутаглуулах, хүүхэд үрчлэн авах, даахь авах, угаалга үйлдэх, энгэр зөрүүлэх гэх мэт ахмад дээдсээ хүндлэх, мэндлэх, гэр орондоо суух эрэмбэ, эрдэмтэн мэргэдээ хүндлэх, бэлэг өгөх, анд бололцох олон зан ёс байдаг.
2. Монголчуудын ёс заншлын нэгээхэн хэсэг бол тэдний нүүдлийн аж төрөх ёс, мал аж ахуйтай холбоотой байдаг. Үүнд: цагаан идээ боловсруулах, сааль сүү, малын ноос, унгас авах, түүнийгээ ашиглах, арьс шир, эсгий, мах борцлох гэх мэт мал үржүүлэх, эцэг мал тавих, төл малаа хөнгөлөх, бэлчээр сонгох, малаа зүслэх, им эмнэх, тамгалах, уналага эдэлгээнд сургах
3. Нүүдлийн мал аж ахуйн “малчин-мал-байгаль”-ийн гурвалсан тогтолцооны ёс заншил гэж байдаг. Үүнд: монгол овог аймгууд уул усаа шүтэн биширч тансаг идээнийхээ дээж бүхнээ сүсэглэн тэнгэр хангай, сав шим ертөнцдөө өргөж сэтгэлийн их гэрэл гэгээ авч ирсэн өндөр танин мэдэхүйтэй юм. Цаг агаараа од эрхэс, ан амьтан, мал шувуу, ургамал, салхи, бороо цас зэргээр шинжиж аж ахуйгаа зохицуулан ирсэн өнөө үеийн зан заншлын ёс бараг алдагдаж цаг агаарын мэдээнд найдаж од эрхэс, нар сараа ашиглах ёс өвлөгдөхгүй байх шиг.Ан амьтныг онцгой анхаарч уул усаа тайх, уулсын тэнгэрийг тайх баялаг ёс бүхэнд сурч суралцаж байжээ.
4. Төрөө хүндэтгэх, төрийн ёсыг эрхэмлэдэг зан заншилтай, энэ ёсны уг чанар нь эмх цэгцтэй, хатуу хууль хяналттай, бүтэц нь зөв, үнэнч чинхүү санаатай, шударга төрийн хар хүнтэй байгаад баярлан түүнийхээ үг сургаалийг дагаж ирсэн юм.
5. Монгол түмний зан заншлын нэг бол XYI зууны монголд нэвтэрсэн шашин шүтлэгийн ёс юм. Шарын шашин дэлгэрснээр хурал ном хуруулж, цамын бүжиг үзэж, сан даллага авахуулах, Буддагийн дүйцэн өдрийн ёсыг хийх болсон.Мөн өнө эртнээс бөөгийн мөргөлтэй байсан бөгөөд гал тахих, уул овоогоо тахих ёс горимтой, бөөгийн уншлагын дуудлагаар тэнгэртэй харьцаж ирсэн ганц орон юм.
6. Сайн сайхан бүхнийг хүсэн мөрөөдөж, түүнийгээ эрхэмлэн дээдэлж, үнэн сэтгэлээр билэгдлийн их ёс заншилтай юм. Үүнд: тоо, өнгө зүс, дүрсний үгийн гэх мэт олон төрлийн билэгдлийг эрхэмлэдэг. Тухайлбал: юмс үзэгдлийг хоёроос “арга билэг” бүрдэж тогтдог хэмээн хоёрын тоог, ертөнцийн агуу их далд увидас хүчийг гурвын тоогоор, таван хошуу мал сүрэг, хүн таван од, таван мэдрэхүй, таван тансаг эдийг тавын тоон байдлаар, өлзий тэмдэг, энх амгалангийн алтан загас, алтан бумба, цагаан лянхуа, цагаан лавай, хорол дагуулсан тахил зэргийг наашлахын найм хэмээх утгаар, ёс барих, есөн есийн наян нэгэн уньтай монгол гэр, есөн мэнгэ, есөн гариг, хүчтэний ес, есөн цагаан бэлэг, есөн эрдэнэ, бөөгийн ёсны ерэн есөн тэнгэр утгаар нь есийн тоог, мөн “ашдын билгээс амны билэг” гэж бэлэг дэмбэрэлтэй үгийг ихэд таашааж, бие биедээ урам зориг хайрласан үг хэлж байхыг эрхэмлэдэг.
7. Найр хуримын холбоотой ёс заншил байна. Цагаан сараар гэртээ алаг мэлхий тоглох, битүүлэх шинэлэх, эрийн гурван наадам, шагай, шатар, хорол тахил тоглох, эв модны наадмын ёс зэргийг дурьдаж болно.Мөн олон ястан үндэсний шинжийг агуулсан дархадын Хажигааны, Буриадын, Дүрвэдийн баяр, цаатан ардын гэх мэт өвөрмөц ёс дэлгэрч, нийтээрээ мэдэх болсон байна.Иймээс ёс ёмбогор, төр түмбэгэр хэмээн заншлаа эрхэмлэн хүндэтгэж гүн утга санаа, яруу үг, дуу бүжиг, биелгээгээрээ илэрхийлж цэнгэн баясдаг ёстой юм.
8. Тэнгэртээ мөргөн залбирч, тэнгэрээс элч гэгээ авч ирснээрээ тэнгэрлэг заяатай, хорвоод хосгүй хонгон дээрээ хөх толботой. Эх орондоо хайртай нь цусаар нь гүйж, генд нь шингэсэн аугаа гэхэд дэндүү, хүчтэний дээд хүчтэй хөх мөнх тэнгэр, мөнхийн дээд мөнх тэнгэр үзлийн философитой гэдгээрээ дэлхийд алдаршсан төрийн их ёс ёслолтой орон.Энэ аугаа гэгээлэг оюунлаг байдлаараа монгол орон бол түүх соёлын түмэн дурсгалт өнө эртний гайхамшигтай галарей юм. Баримтаас үзвэл ази европын нутагт 750 орны буган хөшөө бүртгэгдсэний 650 орчим Хүннүгийн 4000 булш олдсоны 3500 нь монгол газар нутагт байх бөгөөд “Нууц товчоо”, Гэсэр, Жангар, Ганжуур, Даанжуур зэрэг их хөлгөн судар номоо есөн эрдэнээр бүтээж хүндлэн дээдэлсээр иржээ. Монгол улс түмэн ямар ч оронд байдаггүй монгол хөөмий, эрийн гурван наадам, уран нугаралт, оносон тоглоом зэрэг дэлхийн хүний нүдийг бүлтийлгэж, чихийг чимэглэсэн олон гайхамшигтай гэдгээрээ тэнгэр заяат улс ямар байдгаа харуулсан бөгөөд цаашдаа тэнгэрээ судалж, түүний нөлөөг хүн төрөлхтөн үзэж мэдрэх гүн ухааны нээлт монгол хүнээс гарах болно. Энэ утгаараа монгол хүн байгалийн бүтээгдэхүүн бус тэнгэрийн амьтан гэдгээ дахин нотлох хугацаа ойрхон бий.Монгол хүн бүр Монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлж байх нь Монгол хүн байхын утга учир билээ.Тиймээс доорх хүүхэдтэй холбоотой Монгол ёс заншлыг та мэдээд аваарай.

ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН
Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм.Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай.Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ.Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй.Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг.Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг.Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ.Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана.Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана.Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм. Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг. Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог.Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ.Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой.Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ
Нэр бүтэн бол заяа бүтэн Монгол Ардын Зүйр сэцэн үг Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм. Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина. Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана.Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү?гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө. Ёслолын эцэст хүүхдэд хандан: Эх эцэгтээ энэрэлтэй Элэг садандаа түшигтэй Эх орондоо гавьяатай Эрхэм сайн хүн болохын Эетэй сайхан ерөөлийг Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө. Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ.“Дуудах нэрийг эцэг эх Дуурсах нэрийг өөрөө олдог” “Нэр хугарахаар Яс хугарах” “Хүн нэрээ тогос өдөө” гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ.